Болсон явдал
19 жилийн дараа уулзаад...юу болсон гээч...
Хөвсгөл
2026.07.02, 13:28
1 views
Утас жингэнэтэл дуугарахад, Гамбаа хяламхийн харж авахаас эмээж, догдолсон сэтгэлээ барьж дийлэхгүйдээ арай ядан дууг нь хаав. Гэвч утас тасралтгүй дуудаж, сэтгэлд нь айдас, хүсэл хоёр зэрэгцэн тодорч, гар нь чичирч эхэллээ. Оюунаа утсаа авахгүй болохоор гайхаж байгаа байхдаа гэж бодох зуур дүүрэн гунигтай түүний том алаг нүд нүдэнд нь харагдах шиг болно.
Оюунаатай уулзахгүй, утсаар ярихгүй байхыг хичээдэг хэдий ч сэтгэл нь түүнийг захирч чаддаггүй байв. Түүнийг тэсгэл алдан хүлээнэ. Оюунаа бол түүний анхны хайр. Арван есөн жилийн өмнө анх тэр охиныг харж билээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан, нүдэнд дулаахан бор охины ах, эгч хоёртой нь Гамбаа таньдаг байсан юм. Илүү дутуу юмгүй жирийн л охин хэрнээ, цаанаа л нэг сэтгэл татам увдистай, намуухан зөөлөн харцтай тэр охиныг харахаар Гамбаа байнга тэднийг эргэлддэг байлаа. Дүү охинд нь санатай байгааг мэдсэн юм шиг танил ах нь “Та хоёрыг суулганаа” гэж хэлэхэд учиргүй ичнэ. “Дахиж эднийхээр ирэхгүй дээ” хэмээн шархалсан бодол тээсэн хэдий ч салж чадахгүй эргэлддэг байв.
Оюунаа ч гэсэн Гамбааг харахаараа яг л алим шиг улайчихна. Эгцэлж харж чадахгүй, буланд шахагдсан туулайн бүжин шиг сандаг охиныг харах тусам түүнийг улам их хайрлаж байгаагаа Гамбаа мэддэг байлаа. Нэг өдөр танил ахындаа ороход гэрийн эзэд эзгүй, Оюунаа ганцаараа яг л түүнийг хүлээж байсан юм шиг сууж байв. Эндээс л түүний сэтгэлийг насан туршид нь шархлуулсан хайрын түүх эхэлсэн билээ.
Гамбаа Оюунаатай өнгөрүүлсэн жаргалтай дурсамжуудаа санах дуртай. Гэрийн эзэд байхгүй үед Гамбаа, Оюунаа хоёр яг л нэг гэрт амьдардаг залуу хосууд шиг эрх дураараа байна. Гэхдээ л тэр Оюунаад халдаж ойртож чаддаггүй байлаа. Охины санчиганд, гарт хүрэхэд л зүрх нь цээжээ дэлсэж сандаг байснаа санана. Нэг өдөр Гамбаа их л зориг гаргаж, охиныг цээжиндээ наан, хувцсыг нь тайлж эхэлсэн. Оюунаа нүдээ анин, яг л түүний гарын аясаар хөдөлж, чичирч байж билээ. Хэмжээлшгүй их аз жаргал амтагдсан мөчүүд…
Гэтэл гэнэтхэн хаалга гаднаас нь онгойлгох түлхүүрийн чимээ гарч, сандарсан хоёр нүцгэн чигээрээ ахынхаа ор руу үсрээд орчихов. Ах, эгчээсээ айж, ичсэн охин амьсгалж ч чадахгүй сандарч, Гамбаа ч бас хөдөлж чадахгүй хөнжил дотроо хэвтсээр… Айлд зочилж, халамцуухан орж ирсэн ах нь “Өө. Яахаараа миний орон дээр унтаж байдаг байнаа. Бос ч нөгөө өрөөнд орж унт” хэмээн хөнжлийг нь хуу татсанаа дүү охин болон Гамбааг хараад түүнээс ч илүү сандарч, саяхан л хуу татсан хөнжлөө буцаагаад шидчихэв. Энэ бол Гамбаагийн хамгийн сайхан дурсамжуудын нэг. Тэр өдрөөс хойш Гамбаа, Оюунаа хоёр үргэлж хамтдаа байх болж, ах эгч нар нь ч тэднийг дэмждэг боллоо. Нэг гэрт орно, хамтдаа нэг насаа өнгөрүүлнэ, хэзээ ч салахгүй цуг байна гэж мөрөөдсөн залуу хосуудыг өвчин, зовлон нэг л мэдэхэд салгасан. Оюунаа гэнэтхэн бие нь өвдөж эмнэлэгт хэвтсэн тэр өдөр, “Шаралчихсан байна. Хот руу явж эмчлүүл” гэсэн тэр үг зүү ч орохын зайгүй ижилдсэн залуусыг бүхий л насаар нь салгаж байгааг үнэндээ хэн хэн нь мэдээгүй. Оюунаагийн ээж ирж, охиноо хотод хэвтүүлэхээр авч явж билээ. Оюунааг эмнэлгээс гарсных нь дараа архангай руу дагуулаад буцсан гэдгийг тэр их л сүүлд мэдэж билээ.
Шувуудаа үдсэн намрын нуур шиг сэтгэл нь хоосорч, бас Оюунаад санаа зовж, уйтгар гуниг дүүрэн өдрүүдийг тэр туулж гарсан. Оюунаагийн сургийг сонсох санаатай ахынд нь байн байн очино. Хайртай бүсгүйнхээ тухай ганц ч гэсэн үг сонсох санаатай эргэлдэх залууг тэд өрөвдсөн юм байлгүй нэг өдөр “Оюунаа ирэхгүй байхаа. Ээж нь ламд үзүүлтэл энэ залуутай суулгаж болохгүй. Охиноо аваад яв гэж хэлсэн тэгээд л охиноо аваад явсан” гэж гэнэтхэн хэлж билээ. Гуниг шаналал, хүлээлт дүүрэн өдрүүд үргэлжилсээр…”Тэр минь жаргаж байгаа. Надаас хол байвал дахиж өвдөхгүй, дахиж шаналахгүй” гэсэн хоосон бодлоор л тэр өөрөө өөрийгөө хуурч байсан. Оюунааг явснаас хойш нэг жил өнгөрөв. Тэр нэг жил хэрхэн яаж өнгөрснийг Гамбаа одоо хүртэл мэддэггүй. Гамбаа хотод ажиллахаар болж, найз бүсгүйтэй болж, үрийн зулай үнэрлэсэн. Гэвч богинохон хэрнээ хэтэрхий удаан сэтгэлд хадгалагдах энэ дурсамж одоо хүртэл түүний сэтгэлийг нялхруулдаг. Оюунаатай уулзаагүй 19 жил болохдоо...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар