Болсон явдал
Би харь улсад эхнэр хүүхдийнхээ төлөө, харин эхнэр эх орондоо өөр залуугийн жаргалын төлөө
Хөвсгөл
2026.03.17, 14:47
4067 views
Намайг Батбаатар гэдэг. Одоо энэ түүхийг бичиж суухдаа би гаднаа тайван харагдавч, дотор минь асаж байсан тэр их гал хэдийнээ нурам болон хувирчээ. Хүний амьдрал гэдэг алганы хээ шиг тодорхой атлаа, хувь заяаны эргүүлэг нь далай шиг тааварлашгүй юм.
2000 оны эхэн үеийн Дархан хотыг би одоо ч зүүдэлдэг. Тэр үед хот маань яасан ч дулаахан, ямар ч амгалан байсан юм бэ дээ. Төрийн албаны даруухан ажилтан залуу би Дарханы мисс гэгддэг байсан үзэсгэлэнтэй бүсгүй Даариймаагийн араас хоёр жил цууцашгүй гүйсэн. Түүний инээмсэглэл нь намар цагийн нартай өдөр шиг дулаахан, харц нь гүн нуур шиг тунгалаг байлаа. Эцэст нь би түүний хайрыг татаж, бид гэргий нөхөр бололцсон юм. Бидний хайр яг л кино шиг эхэлж, таван жилийн турш нэг гэрт аз жаргалаар бялхан амьдарлаа. Хүү минь төрж, амьдрал утга учиртай болж байв.
Гэвч хүний шунал, амьдрах хүсэл хоёр хязгааргүй юм хойно. Найз нөхөд маань харь орноос мөнгөтэй ирж, машин тэрэг солин, байшин барьж эхлэхийг хараад "Ингэж суухаар өөрийн гэсэн том байртай, бизнес далайцтай болъё" гэж бид хоёр ярилцав. Ингээд 2005 онд би алс Солонгос улсыг зорьж билээ. Гэрээсээ гарахдаа Даариймааг минь тэврэхэд түүний үснээс үнэртэж байсан тэр л дотно үнэр Солонгост өнгөрүүлсэн олон жилийн турш намайг амьд байлгах цорын ганц хүч болсон юм.
Солонгост очсон эхний өдрөөс л би өөрийгөө мартсан. Тэнд би ямар нэгэн хүн биш, зүгээр л мөнгө үйлдвэрлэдэг, эхнэр хүүхдийнхээ ирээдүйг сийлдэг машин байхыг хичээсэн. Төмрийн үйлдвэрийн халуун уур, химийн бодисын хурц үнэр дунд өдөр шөнөгүй ажиллана. Зуны халуунд агааржуулагчгүй цехэд хөлсөндөө нэвт норж, өвлийн хүйтэнд төмөрт гар наалдах шахам байсан ч би огт түүртээгүй.
Сар бүрийн эцэст цалингаа аваад өөртөө ганц бэлэн гоймонгийн мөнгө үлдээж, бусдыг нь сохор зоос ч дутаалгүй эхнэр лүүгээ явуулдаг байлаа. Солонгос дахь банкны АТМ машинаас картаа аваад "Банкинд мөнгө чинь орсон шүү" гэсэн мессежийг эхнэр рүүгээ явуулж, хариуд нь "Баярлалаа хайраа, бид хоёр нь сайн байна" гэх үгсийг уншаад л хамаг ядаргаа минь тайлагддаг сан.
Би тэнд хааяа нэг монгол залуусын архидалт, хүүхэмсэг байдлаас хол явсан. Өөр эмэгтэйг харж шохоорхох тухай бодол ч орж ирж байсангүй. Миний зүрхэнд Дархан дахь тэр л жижигхэн байшин, миний үзэсгэлэнт эхнэр, өсөж байгаа хүү минь л байлаа. Эхнэр маань миний явуулсан мөнгөөр Дархандаа бизнес эхлүүлж, том дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг болж, бүр хоёр ч байртай болсон тухай баяртай мэдээ дуулгахад нь би өөрөөрөө, бас ханиараа бахархаж байлаа. "Миний Даариймаа яасан ухаантай юм бэ" гэж бодон ажилдаа улам л шамдсан.
Арван жил... Багагүй хугацаа. Би бие махбодооо зольж, хөлсөө мөнгө болгон хувиргасан. Эцэст нь би одоо л болсон гэж үзлээ. Гэр бүлээрээ тухтай амьдрах хөрөнгө мөнгө, бизнес, орон байр бүгд бэлэн болсон.
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар